МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Даатгал
443 дугаар зүйл. Гэм хорын даатгал

443.1.Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

443.2.Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд даатгал нэгэн адил хамаарна.

443.3.Төлсөн даатгалын хураамж нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирлоос илүү эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.

443.4.Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

443.5.Энэ хуулийн 443.4-т заасан тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээ нь нийлбэр дүнгээрээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс давсан буюу өөр шалтгаанаар хохирлыг нөхөн төлөх хэлбэрээр олгох мөнгө нь нийлбэр дүнгээрээ хохирлын хэмжээнээс давж байвал даатгагчид хамтран үүргээ биелүүлнэ. Энэ тохиолдолд даатгуулагч хохирлын хэмжээнээс давсан нөхөн төлбөр шаардах эрхгүй.

443.6.Тусгай гэрээнд заасан тохиолдолд дайны үед учирсан гэм хорыг даатгагч хариуцна.

443.7.Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

443.8.Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй.

443.9.Даатгуулсан эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Эд хөрөнгө ийнхүү шилжсэнийг даатгуулагч болон шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.

443.10.Даатгуулагч болон шинэ өмчлөгч энэ хуулийн 443.9-т заасан үүргээ биелүүлээгүй тухай даатгагч мэдвэл зохих байсан үеэс хойш 1 сар өнгөрсний дараа даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

443.11.Даатгагч гэрээг цуцлах 1 сарын хугацааг баримтлан эд хөрөнгийн шинэ өмчлөгчтэй даатгалын харилцаагаа дуусгавар болгох эрхтэй.

443.12.Энэ хуулийн 443.9-т зааснаар эд хөрөнгө өөр этгээдэд шилжсэнийг даатгагч мэдсэнээс хойш 1 сарын дотор шинэ өмчлөгчтэй даатгалын гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх хүчингүй болно.

443.13.Даатгалын эрх шилжүүлэн авсан этгээд нэн даруй буюу даатгалын тухайн үе дуусахад даатгалын гэрээг цуцлах эрхтэй.

443.14.Шинэ өмчлөгч эд хөрөнгө шилжүүлэн авахдаа даатгалын гэрээний тухай мэдээгүй бөгөөд энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх нь хүчингүй болно.

443.15.Гэрээг энэ хуулийн 443.11, 443.13-т заасан үндэслэлээр цуцалсан бол эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн даатгуулагч даатгагчид даатгалын хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамж нь гэрээ цуцлах үеийг оролцуулан тооцсон гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд төлбөл зохих хэмжээнээс хэтрэхгүй. Энэ тохиолдолд эрх шилжүүлэн авсан этгээд даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй.

443.16.Гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө амь нас даатгах гэрээ байгуулах тохиолдолд уг этгээд буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авна.

443.17.Амь насаа даатгуулсан этгээд амиа хорлосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

443.18.Гуравдагч этгээдэд ашигтайгаар амь нас даатгасан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас даатгагдсан этгээд нас барсан бол уг этгээд даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдана.

443.19.Даатгалтай холбоотой шаардлагыг хангах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа буюу даатгагч дампуурсантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол даатгалын гэрээнд нэр заагдсан даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд даатгуулагчийн оронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Даатгуулагч дампуурсантай холбоотойгоор даатгалын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд нь даатгагчаас шаардвал зохих мөнгөний хэмжээгээр дампуурлын үед даатгуулагчийн бусдад хуваарилагдах хөрөнгийг бүрдүүлэхэд оролцох үүрэгтэй.

443.20.Хэрэв даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд энэ хуулийн 443.19-д заасан эрхийг эдлэх сонирхолгүй буюу гэрээнд даатгалын нөхөн төлбөр авах этгээдийн нэрийг заагаагүй бол даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч уг эрхийг эдэлж болно.

Print