МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зээл тооцооны үүрэг
445 дугаар зүйл. Төлбөр тооцооны гэрээ

445.1.Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид "төлбөр тооцоо гүйцэтгэгч" гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид "харилцагч" гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

445.2.Хуульд өөрөөр заагаагүй бол бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно.

445.3.Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.

445.4.Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

445.5.Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй.

445.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэй.

445.7.Төлбөр тооцооны гэрээгээр талууд төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож болно.

445.8.Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна.

Print