МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зээл тооцооны үүрэг
457 дугаар зүйл. Банкны баталгааны гэрээ

457.1.Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

457.2.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ.

457.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй.

457.4. Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.

457.5.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана.

457.6.Энэ хуулийн 457.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана.

457.7.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ.

457.8.Баталгаа гаргагч банк ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтооно.

457.9.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.

457.10.Банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ.

457.11.Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.

457.12.Банкны баталгааны гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээх хариуцлага энэ хуулийн 457.11-д заасан хэмжээнээс үл хамаарна.

457.13.Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

457.13.1.баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн;

457.13.2.гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;
457.13.3.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан.

457.14.Баталгаа гаргагч банкны үүрэг энэ хуулийн 457.13-т заасны дагуу дуусгавар болсон бол банк энэ тухай нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.

457.15.Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно.

457.16.Баталгаа гаргагч банк гэрээний нөхцөлийг зөрчиж үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлсөн, эсхүл энэ хуулийн 457.12-т заасны дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчээс дээрх мөнгийг шаардах эрхгүй.

457.17.Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбогдсон бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна.

Print