МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүрэг
467 дугаар зүйл. Үнэт цаас, түүний төрөл, хэлбэр

467.1.Үнэт цаас нь биет болон биет бус төрөлтэй байна.
467.2.Тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасыг биет, тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл/ердийн болон тооцоолох машин/-д байгаа үнэт цаасыг биет бус үнэт цаас гэнэ.

467.3.Үнэт цаас нь тогтоосон хэлбэр, бүрдүүлбэртэй байна.
467.4.Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

467.5.Үнэт цаас нь нэрийн, мэдүүлгийн, зөвшөөрлийн гэсэн хэлбэртэй байна.

467.6.Тодорхой этгээдээс зарим хэлбэрийн үнэт цаасыг гаргахыг хуулиар хориглож болно.

467.7.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:

467.7.1.мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;

467.7.2.нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхүү түүнд нэр заасан этгээд;

467.7.3.зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд;

467.8.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна.

Print