МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хамтран ажиллах
478 дугаар зүйл. Хамтын үйл ажиллагаа

478.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.

478.2.Гэрээний талууд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар гэрээнд заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл хамааран оролцогч бүр нэг саналын эрхтэй байна.

478.3.Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно.

478.4.Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно.

478.5.Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно.

478.6.Гэрээний аль ч тал хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулахад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай гэж үзсэн мэдээлэл өгөхийг удирдлагаас шаардах эрхтэй.

478.7.Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно.

478.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

478.9.Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно.

478.10.Гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


478.11.Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.

478.12.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

478.13.Хамтран ажиллах гэрээний оролцогч нь үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

Print