МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа
492 дугаар зүйл. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг

492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:

492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;

492.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай.

492.2.Дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй:

492.2.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн;

492.2.2.шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
492.2.3.хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал;

492.2.4.хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн.

492.3.Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.

492.4.Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй:

492.4.1.анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан;

492.4.2.хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн.

492.5.Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй.

Print