МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа
493 дугаар зүйл. Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс

493.1.Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.

493.2.Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.

493.3.Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухайн зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

493.4.Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй.

493.5.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна.

493.6.Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

493.7.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.

493.8.Даалгаваргүйгээр бусдын эрх ашгийн үүднээс үйлдэл хийсний үндсэн дээр хөрөнгө олж авсан этгээд уг хөрөнгөтэй холбогдож гаргасан зардлаа нөхөн төлөхийг шаардаж болно. Энэ тохиолдолд ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нь зайлшгүй зардлаас бусад зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

493.9.Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй.

Print