МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа
496 дугаар зүйл. Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих

496.1.Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

496.2.Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

496.3.Дараахь тохиолдолд шаардлага гаргаж болохгүй:

496.3.1.шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан;

496.3.2.шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй;

496.3.3.шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасан.

Print