МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг
512 дугаар зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах

512.1.Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

512.2.Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараахь тохиолдолд энэ хуулийн 512.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөж болно:

512.2.1.уг бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор үйлдвэрлээгүй;

512.2.2.борлуулахаар үйлдвэрлэн гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотолсон;

512.2.3.бараа, бүтээгдэхүүн гэмтэл согогтой боловч үйлдвэрлэн гаргах үед тухайн үеийн норм, стандартад тохирч байсан;

512.2.4.бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаар үйлдвэрлэн гаргах үеийн шинжлэх ухаан, техникийн түвшнээс шалтгаалан тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх боломжгүй байсан;

512.2.5.тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон.

512.3.Энэ хуулийн 512.2.5-д заасан зөрчлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг зөрчил гаргасан этгээд гэм хорыг хариуцна.

512.4.Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

Print