МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ЖАРАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид
543 дугаар зүйл. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадвар, чадамж

543.1.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил иргэний эрх зүйн чадвартай байна. Энэхүү чадварыг Монгол Улсын хуулиар хязгаарлаж болно.

543.2.Гадаад улсын иргэний иргэний эрх зүйн чадамжийг түүний харьяалагдаж байгаа улсын хуулиар тодорхойлно.

543.3.Харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг түүний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

543.4.Дүрвэгчийн эрх зүйн байдлыг тухайн этгээдийг орогнуулсан улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

543.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

543.6.Иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцох буюу чадамжийг нь хязгаарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

543.7.Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Print