МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ЖАРАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмчийн болон үүргийн эрх зүй
549 дүгээр зүйл. Гэрээний талууд хуулийг сонгох

549.1.Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна.


549.2.Тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болно.

549.3.Тухайн гэрээнд хэрэглэхээр заасан улсын хууль тогтоомжийг бус өөр улсын хуулийг баримталсан тохиолдолд түүнийг хүчингүйд тооцно.


549.4.Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно:

549.4.1.худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн;
549.4.2.эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгчийн;
549.4.3.хадгалалтын гэрээнд хадгалагчийн ;
549.4.4.комиссийн гэрээнд комиссийн;
549.4.5.даалгаврын гэрээнд даалгавар гүйцэтгэгчийн;
549.4.6.тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгчийн;
549.4.7.даатгалын гэрээнд даатгуулагчийн;
549.4.8.зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн;
549.4.9.бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийн;
549.4.10.батлан даалтын гэрээнд батлан даагчийн;
549.4.11.барьцааны гэрээнд барьцаалуулагчийн.


549.5.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

549.6.Гадаад улсын хуулийн этгээд буюу иргэн оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан үйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

549.7.Биржийн хэлцэл, үнэ хаялцуулах ажиллагааны үр дүнд байгуулагдсан гэрээнд тухайн биржийн хэлцэл хийсэн буюу үнэ хаялцуулах ажиллагаа явуулсан улсын хуулийг хэрэглэнэ.

549.8.Энэ хуулийн 549.1-549.4-т заагаагүй бусад гэрээний талуудын эрх, үүрэг нь тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж байгаа талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлогдоно.

549.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахад хүлээн авч байгаа улсын хуулийг харгалзан үзнэ.

Print