МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хөөн хэлэлцэх хугацаа
78 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох

78.1.Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно:

78.1.1.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд;

78.1.2.үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд;

78.1.3.хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд;

78.1.4.гэрлэгчдийн хоорондын шаардлага нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд;

78.1.5.эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын тухайд хүүхдийн насанд хүрэх хүртэл;

78.1.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүний асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын шаардлага нь асран хамгаалалт, харгалзан дэмжилт хүчин төгөлдөр байгаа хугацаанд;

78.1.7.тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд.

78.2.Энэ хуулийн 209 дүгээр зүйл энэ хуулийн 78.1.2-т хамаарахгүй.
78.3.Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.

78.4.Хэрэв иргэний эрх зүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай этгээдэд хууль ёсны төлөөлөгч байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжтай болсон, эсхүл хууль ёсны төлөөлөгч томилогдсоноос хойш зургаан сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй.

Print