МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хөөн хэлэлцэх хугацаа
79 дүгээр зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах

79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

79.2.Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.

79.3.Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно.

79.4.Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана.

79.5.Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

79.6.Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Энэ хугацаанд энэ хуулийн 78.1.3, 78.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.

79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Print