МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт
34 дүгээр зүйл. Төрийн албаны төв байгууллага

34.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.

34.2. Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

34.3. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн 2 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.4. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн, ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.5. Улсын Их Хурал Зөвлөлийн орон тооны гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилно.

34.6. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.
34.7.Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.8. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор дурдсан албан тушаалтан байна:

34.8.1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

34.8.2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;
34.8.З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;
34.8.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга;

34.9. Зөвлөлийн орон тооны З гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.10. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.
34.11. Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.

34.13.Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Орон тооны салбар зөвлөл болон ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална. Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34.14. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд урьд авч байсан цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.


Print