МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт
39 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх

39.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:

39.1.1. энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;

39.1.2.Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.1.3. төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан.
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.2. Төрийн жинхэнэ албан хаагч, түүнд нэр дэвшигч нь төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
39.З. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.

39.4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.5.Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.6.Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.7.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print