МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
Татвар ногдуулах, төлөх, тайлагнах
43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам

43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.

43.2.Энэ хуулийн 43.1-д зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно.

43.3.Татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох бөгөөд холбогдох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.4.Татвар төлөгчөөс татварын албанд ирүүлсэн татварын тайлан /цахим тайланг оролцуулан/-г төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авч, бүртгэж, шийдвэрлэнэ.

43.5.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.

43.6.Татвар төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнана.

43.7.Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээдэд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хөлс төлөхгүй.

43.8.Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ.

43.9.Татвар төлөгч шууд бус татварыг тухайн үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй урьдчилан төлнө.

43.10.Татвар ногдох зүйлийг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, үнэ нь төлөгдсөн өдрийн алинаар татвар ногдуулах хугацааг тогтоохыг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно.

Print