МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Татварын хяналт шалгалт
47 дугаар зүйл. Татварын хяналт шалгалт

47.1.Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана.

47.2.Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын алба хийж гүйцэтгэнэ.

47.3.Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараахь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна:

47.3.1.татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох;

47.3.2.татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэт эсэхийг шалган тогтоох;

47.3.3.нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх.

47.4.Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй.

47.5.Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

47.6.Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харьяаллыг тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.7.Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, авлигад үл автах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийнэ.

47.8.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлан мөрдүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


Print