МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Татварын хяналт шалгалт
48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох

48.1.Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно:

48.1.1.бодит үнийн арга;
48.1.2.жишиг үнийн арга.

48.2.Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ нь ийм харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнээс ялгаатай байвал зах зээлийн ердийн нөхцөлд хэрэглэж болох үнийн харьцуулалт, тооцооллын аргыг ашиглан татварын ногдол тогтоохыг “бодит үнийн арга” гэнэ.

48.3.Татвар төлөгч Монгол Улсад болон гадаад улсад байгаа харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн борлуулалт, худалдан авалт, боловсон хүчин илгээх, техникийн үйлчилгээ үзүүлэх, хоршсон үйлдвэрлэл явуулах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ, төлбөр, хураамж нь /цаашид “үнэ” гэх/ бодит үнээс их буюу бага байвал татварын ногдлыг тодорхойлохдоо бодит үнийн аргыг хэрэглэнэ.

48.4.“Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.

48.5.Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг “жишиг үнийн арга” гэнэ.

48.6.Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

48.7.Татвар төлөгч нь шууд бус аргаар татварын ногдол тодорхойлоход шаардагдах материалыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй.

Print