МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад байгууллагын үүрэг
71 дүгээр зүйл. Банк, санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын хүлээх үүрэг

71.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

71.2.арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага:

71.2.1.харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэж заасан банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;

71.2.2.татвар төлөгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банкинд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх;

71.2.3.харилцагчийн өр төлбөрийг дараахь дарааллаар гүйцэтгэх:

71.2.3.а.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд заасан өр төлбөр;
71.2.3.б.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;

71.2.3.в.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр.

71.3.Банк нь энэ хуулийн 71.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

71.4.Энэ хуулийн 71.2.3 дахь заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн7 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

71.5.хөрөнгийн бирж:

71.5.1.хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх.

71.6.цагдаагийн байгууллага:

71.6.1.татварын алба, татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө барьцаалах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдүүлэх;

71.6.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт нь байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;

71.6.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

71.6.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх.

71.7.гаалийн байгууллага:

71.7.1.татвар төлөгчийн регистрийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, экспорт, импортынх нь үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албатай тохиролцсон хугацаанд гаргаж өгөх.

71.8.Иргэний бүртгэл, мэдээллийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.

71.9.төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтан:

71.9.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

71.9.2.татварын орлогоос санхүүжигдэж байгаа төсвийн зарлага, зарцуулалтын үр өгөөжийг салбар, байгууллагынхаа жишээн дээр тулгуурлан тайлбарлан сурталчлах, боломжтой хэлбэрээр тайлагнах;

71.9.3.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, татварын албатай хамтран ажиллах;

71.9.4.хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх.

Print