| ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ |
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт |
23 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, түүний бүрэн эрх
23.1.Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /орон тооны бус/-г хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж ажиллуулна.
23.2.Үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг талуудын саналыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний хорооны дарга батална.
23.3.Үндэсний хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.3.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
23.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар санал, зөвлөмж гаргах;
23.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан, нөхцөлийг судлах, хэлэлцэх, зөвлөмж гаргах, саналаа холбогдох байгууллагад оруулах;
23.3.4.олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орох асуудлыг боловсруулахад төлөөллөө оролцуулах.
|
|