МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ НӨХӨН СОНГОХ
52 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох

52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

52.2.Энэ хуулийн 49.1.6-д заасан “Г” жагсаалтаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудалд “Г” жагсаалтын тухайн нам, эвслийн дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцох бөгөөд тухайн жагсаалтад нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явуулна.

52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

52.4.Улсын Их Хурлын гишүүн нас барсан тохиолдолд уул өдрөөс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт тохиосон бол дараагийн Улсын Их Хурлын чуулганы эхний долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэнэ.

52.5.Нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

52.5.1.хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах;

52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

52.5.3.энэ хуулийн 52.5.2-т заасан хугацаанаас хойш тав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;

52.5.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;

52.5.5.хэсгийн хороо энэ хуулийн 20.11-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж, санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох.

52.6.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

Print