МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ
54 дүгээр зүйл. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

54.1.Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана.

54.2.Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

54.3.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал уг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

54.4.Энэ хуульд заасныг үндэслэн тойргийн болон салбар, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print