МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
29 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг бүртгэх

29.1.Тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийг, Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэр дэвшигчээс бусад нам, эвслээс нэр дэвшигчийг тус тус бүртгэнэ.

29.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 26.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг тойргийн хороонд ирүүлнэ:

29.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэл
29.2.2.нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл

29.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг
29.2.4.энэ хуулийн 26.4.1-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт

29.2.5.энэ хуулийн 26.4.2-т заасныг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт

29.2.6.энэ хуулийн 26.6-д заасан этгээдийн тухайд төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр

29.2.7.нэр дэвшигчийн намтар.

29.3.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчтэй холбогдсон энэ хуулийн 29.2.1-29.2.7-д заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

29.4.Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдийн энэ хуулийн 29.2-т заасан баримт бичгийг тойргийн хороонд хүргүүлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр, нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

29.5.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 26.2-т заасан хугацаанд багтаан энэ хуулийн 29.2.3-29.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт, нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт тойргийн хороонд ирүүлнэ.

29.6.Энэ хуулийн 29.2.4-т заасан тодорхойлолтыг Улсын дээд шүүх, энэ хуулийн 29.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 35 хоногийн дотор албан бичгээр хүргүүлнэ.

29.7.Энэ хуулийн 29.2.4, 29.2.7-д заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

29.8.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

29.9.Тойргийн хороо бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын мэдээлэл үнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй түүвэрлэн тулгах буюу шаардлагатай бол тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгах бөгөөд уг ажлыг салбар хороогоор, салбар хороогүй бол хэсгийн хороогоор гүйцэтгүүлж болно.

29.10.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

29.11.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

29.11.1.энэ хуулийн 26.1, 26.2-т заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

29.11.2.энэ хуулийн 26.4, 26.6-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй

29.11.3.энэ хуулийн 26.7-д заасныг зөрчиж, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

29.11.4.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг

29.11.5.энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

29.11.6.бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журам зөрчсөн, түүнчлэн дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан;

29.11.7.энэ хуулийн 26.8-д заасныг зөрчиж нэр дэвшсэн;
29.11.8.энэ хуулийн 35.15-д заасныг зөрчиж сонгогчийн саналыг татах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан;

29.11.9.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 34.3-т заасан шаардлагад нийцээгүй бол.

29.12.Энэ хуулийн 29.11-д заасан үндэслэл байхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана.

29.13.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо тус тусын бүртгэсэн нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

29.14.Нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл тойргийн хороонд бүртгүүлж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

29.15.Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

29.16.Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлж болно.

29.17.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 29.12-т заасан шийдвэр гарснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

29.18.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, эсхүл энэ хуулийн 29.11-д заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

29.19.Энэ хуулийн 29.11-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

29.20.Энэ хуулийн 29.11-д заасан зөрчил байгааг мэдсэн боловч нуун дарагдуулсаны улмаас нэр дэвшигчийг бүртгэсэн бол гэм буруутай сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

29.21.Энэ хуулийн 29.20-д заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

Print