МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДОЛООДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
34 дүгээр зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

34.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

34.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

34.3.Энэ хуулийн 34.1-д заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно.

34.4.Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна.

34.5.Нам, эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

34.6.Сонгуульд олонхи суудал авсан нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас байгуулах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно.

34.7.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянуулсан байна.

34.8.Энэ хуулийн 34.2, 34.3-т заасныг зөрчсөн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

Print