МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДОЛООДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
35 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа

35.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.

35.2.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй.

35.3.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

35.4.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

35.5.Бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

35.6.Энэ хуулийн 35.4, 35.5-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах тухайн төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.

35.7.Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

35.8.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэх ба төлбөртэй нэвтрүүлэхийг хориглоно.

35.9.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ.

35.10.Энэ хуулийн 35.9-д заасан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

35.11.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна.

35.12.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

35.13.Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 35.11-д заасан радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх журмыг хамтран баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

35.14.Энэ хуулийн 35.11-д заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхэд энэ хуулийн 35.9, 35.10-т заасан зарчмыг баримтална.

35.15.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

35.15.1.сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;

35.15.2.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах;

35.15.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

35.15.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;

35.15.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

35.16.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа энэ хуулийн 35.15.2-т хамаарахгүй.

35.17.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.

35.18.Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

35.18.1.энэ хуулийн 35.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах

35.18.2.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

35.18.3.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

35.18.4.энэ хуулийн 35.4, 35.5-д зааснаас илүү материал тараах
35.18.5.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 35.7-д зааснаас өөр газарт байрлуулах

35.18.6.энэ хуулийн 35.8-35.12-т заасныг зөрчиж сурталчилгаа явуулах

35.18.7.оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах

35.18.8.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах

35.18.9.шашны зан үйл ашиглах
35.18.10.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;

35.18.11.сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах

35.18.12.сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;

35.18.13.сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

35.18.14.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;

35.18.15.төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

35.18.16.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;

35.18.17.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;

35.18.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.

35.19.Улсын Их Хурлын гишүүн, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь энэ хуулийн 35.18-д үл хамаарна.

35.20.Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих зэрэг үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.

35.21.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 35.20-д заасан үйлдэл гэж үзэхгүй.

35.22.Дараах газарт сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно:

35.22.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
35.22.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

35.22.3.хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага
35.22.4.сонгуулийн хороод.

35.23.Энэ хуулийн 35.22.1, 35.22.2 дахь заалт нь энэ хуулийн 36.3-т үл хамаарна.

35.24.Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.25.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.26.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх ба энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.

35.27.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.

35.28.Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэл хугацаанд зарцуулахыг хориглоно.

35.29.Энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

35.30.Иргэн нам, эвсэл, нэр дэвшигчийг энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан нам, эвсэл, нэр дэвшигчийг гүтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоогоос арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

35.31.Энэ хуулийн 35.24-т заасныг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 35.25-д заасныг зөрчсөн бол хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

35.32.Энэ хуулийн 35.24-т заасныг зөрчсөн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

35.33.Энэ хуулийн 35.24, 35.25-д зааснаас бусад 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

35.34.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн бол Сонгуулийн ерөнхий хороо тус тус хүчингүй болгоно.

35.35.Энэ хуулийн 35.15-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол, эсхүл энэ хуулийн 35.18-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох ба энэ хуулийн 35.18.10-35.18.13-т заасныг зөрчсөн этгээдийг зохих сонгуулийн хороо нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

35.36.Энэ хуулийн 35.20-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигч, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

35.37.Төрийн албан хаагч энэ хуулийн 35.18.16-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print