МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
38 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс

38.1.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэн, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

38.2.Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор банкинд нээлгэн, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

38.3.Нам, эвслийн тойрогт нэр дэвшигчдээс нам, эвслээс бусад нэр дэвшигч нь энэ хуулийн 38.1-д зааснаас өөр данс, тойрогт нэр дэвшигч нь энэ хуулийн 38.2-т зааснаас өөр данс нээлгэхийг тус тус хориглоно.

38.4.Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна.

38.5.Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

38.6.Энэ хуулийн 38.3-38.5-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 38.4, 38.5-д заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ба энэ хуулийн 38.1, 38.2-т заасан данснаас гадуур өгсөн, энэ хуулийн 38.3-т заасныг зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж, улсын орлого болгоно.

38.7.Энэ хуулийн 38.3, 38.4-т заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

Print