МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
40 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлан гаргах

40.1.Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.

40.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

40.3.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч энэ хуулийн 40.2-т заасан сонгуулийн зардлын тайлан /цаашид “зардлын тайлан” гэх/-д аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.

40.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

40.4.1.энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрүүлсэн орлого, нийт хандивын хэмжээ

40.4.2.энэ хуулийн 40.4.1-д заасан орлогын эх үүсвэр, түүний дотор хандивын төрөл, хэмжээ

40.4.3.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр

40.4.4.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр

40.4.5.зарлагын ангилал, гүйцэтгэл
40.4.6.үлдэгдлийн хэмжээ, байршил.

40.5.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 40.2-т заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

40.6.Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

40.7.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.

40.8.Энэ хуулийн 40.2-40.4-т заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 40.5-д заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print