МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
41 дүгээр зүйл. Санал авах газар, хугацаа

41.1.Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

41.2.Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

41.3.Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмж бүхий байрыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

41.4.Хэсгийн хорооны байр болон санал авах байрыг бэлтгэх заавар, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

41.5.Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч байрлахыг хориглоно.

41.6.Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

41.7.Хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн өмнө хэсэг дэх санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, шаардлагатай бол орчин тойрны дэвсгэр /план/ зургийг баталж, нийтэд зарлан мэдээлэх ба ингэхдээ нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байхаар зохион байгуулж болно.

41.8.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

41.9.Энэ хуулийн 41.7-д заасан санал авах байрыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.

41.10.Энэ хуулийн 41.3-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 41.5-д заасныг зөрчсөн нам, эвсэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print