МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
42 дугаар зүйл. Саналын хуудас

42.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

42.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх;

42.1.2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх.

42.2.Саналын хуудас нь тусгай нууцлалтай, нэгдсэн таних нууц тэмдэгтэй байна.

42.3.Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна.

42.4.Саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэгт тухайн тойрогт нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нь нэрийг том үсгээр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.

42.5.Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.

42.6.Саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэгт бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчийн нэрийн дараа, тойргийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

42.7.Саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэгт нам, эвслийн нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намыг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.

42.8.Эвслийг энэ хуулийн 42.7-д заасан дараалалд оруулахдаа эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудаас хамгийн анх Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын бүртгэлийн он, сар, өдрийг баримтална.

42.9.Саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

42.10.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг эрхлэн хэвлүүлж, тойргийн хороонд, тойргийн хороо нь салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус албан ёсоор хүлээлгэн өгнө.

42.11.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн гарын үсэг зурна.

42.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, аль нэг гишүүн энэ хуулийн 42.11-д заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгөх үүрэг хүлээнэ.

42.13.Энэ хуулийн 42.11-д заасны дагуу сонгуулийн хорооны бүрэлдэхүүний олонхи нь гарын үсэг зурсан тохиолдолд сонгуулийн хороо саналын хуудсыг хүлээн авсанд тооцно.

42.14.Энэ хуульд заасан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

42.15.Энэ хуулийн 42.12, 42.14-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print