МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
43 дугаар зүйл. Санал авах ажиллагаа

43.1.Санал авах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал тоолох төхөөрөмж, санал авах бүх хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа хэсгийн хорооны дарга дараах мэдээлэл хийнэ:

43.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо
43.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо

43.1.3.саналын хуудасны индекс дугаар.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.

43.3.Сонгуулийн ажиглагч энэ хуулийн 43.2-т заасан тэмдэглэлтэй танилцсан тухайгаа гарын үсэг зурж тэмдэглүүлж болно.

43.4.Хэсгийн хороо энэ хуулийн 43.1-43.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ иргэний үнэмлэхийг нь сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудас олгоно.

43.5.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

43.6.Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

43.7.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

43.8.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

43.9.Энэ хуулийн 43.1, 43.2, 43.4, 43.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.7-д заасныг зөрчсөн нэр дэвшигч болон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print