МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
44 дүгээр зүйл. Сонгуулийн ажиглагч

44.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулна.

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

44.3.Энэ хуулийн 44.2-т заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

44.4.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:

44.4.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах
44.4.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах
44.4.3.санал тоолох ажлыг ажиглах
44.4.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягттай танилцах

44.4.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах

44.4.6.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах

44.4.7.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх

44.4.8.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах

44.4.9.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах
44.4.10.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.

44.5.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.

44.6.Ажиглагч энэ хуулийн 44.4-т заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авна.

44.7.Ажиглагч энэ хуулийн 44.6-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.

44.8.Сонгуулийг ажиглахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

44.9.Дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 44.8-д заасан журмаар зохицуулна.

44.10.Энэ хуулийн 44.6-д заасныг зөрчсөн ажиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 44.7-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print