МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
45 дугаар зүйл. Сонгогч саналаа өгөх

45.1.Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана.

45.2.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

45.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;

45.2.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

45.2.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

45.2.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах;
45.2.5.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

45.3.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ зөвхөн энэ хуулийн 42.1.2-т заасан зааварт заасны дагуу тэмдэглэгээг хийнэ.

45.4.Сонгогч бүр саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

45.5.Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

45.6.Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

45.7.Сонгогч энэ хуулийн 45.5, 45.6-д заасны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

45.8.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхтэй холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

45.9.Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, энэ хуулийн 45.5, 45.6-д заасны дагуу саналаа гаргаж болно.

45.10.Хэсгийн хороо энэ хуулийн 45.9-д заасны дагуу хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.

45.11.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

45.12.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.

45.13.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч энэ хуулийн 45.12-т заасан итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

45.14.Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

45.15.Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна:

45.15.1.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;

45.15.2.нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
45.15.3.захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

45.15.4.байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.

45.16.Энэ хуулийн 45.15-д заасан хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

45.17.Энэ хуулийн 45.16-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авна.

45.18.Энэ хуулийн 45.16-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

45.19.Хэсгийн хороо сонгогчийн энэ хуулийн 45.15-д заасны дагуу битүүмжлэн авсан саналын нууцыг чандлан хадгална.

45.20.Энэ хуулийн 45.15-д заасан сонгогчийн саналыг авахад энэ хуулийн 45.1-45.8, 45.12, 45.13-т заасан журмыг баримтална.

45.21.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

45.22.Энэ хуулийн 45.2-т заасныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.

45.23.Энэ хуулийн 45.10, 45.12, 45.17-45.19-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 45.11-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 45.21-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print