МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
46 дугаар зүйл. Санал тоолох

46.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг 20.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

46.2.Санал тоолох бэлтгэл хангагдмагц хэсгийн хорооны дарга санал тоолох тухай зарлах ба хэсгийн хороо уг ажиллагааг дараах журмаар явуулна:

46.2.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах

46.2.2.санал авахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх

46.2.3.энэ хуулийн 46.2.1, 46.2.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх;

46.2.4.санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах.

46.3.Санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана:
46.3.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо

46.3.2.санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо

46.3.3.хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо
46.3.4.нэр дэвшигч болон нам, эвсэл бүрийн авсан саналын тоо, хувь;
46.3.5.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нам, эвслийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нам, эвсэлд өгсөн саналын тоо, хувь;

46.3.6.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн саналын тоо, хувь.

46.4.Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар гаргана.

46.5.Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.

46.6.Санал тоолох үед энэ хуулийн 46.5-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.

46.7.Санал авахад зарцуулсан саналын хуудасны тоог санал тоолох төхөөрөмжөөс гарсан болон энэ хуулийн 46.2.2-т заасны дагуу хураагдсан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана.

46.8.Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолуулах, санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.

46.9.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

46.10.Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншиж сонсгосны дараа хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг багцлан боож битүүмжлэн санал хураалтын дүнгийн тухай тогтоол, тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

46.11.Энэ хуулийн 46.10-т заасны дагуу битүүмжилсэн саналын хуудсыг аймаг, нийслэлийн архивт нууцын журмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа боодлыг хууль, журамд зааснаас бусад тохиолдолд задлах, устгахыг хориглоно.

46.12.Энэ хуулийн 46.1-46.9-д заасан санал тоолох журам зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 46.11-д заасныг зөрчсөн архивын албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

46.13.Энэ хуулийн 46.12-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

Print