МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
48 дугаар зүйл. Тойрогт сонгуулийн дүн гаргах, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчийг бүртгэх

48.1.Тойргийн хороо нь салбар болон хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуулийн 46.3-т заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг тойрогт нэр дэвшигчийн авсан санал, нам, эвслийн авсан санал гэсэн ангиллаар гаргана.

48.2.Тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ““А” жагсаалт” гэх/-ыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно.

48.3.Тойрогт нэр дэвшигчдээс хэн нь ч тухайн тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол уг тойргийн дүнг тусад нь гаргана.

48.4.Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна.

48.5.Энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалт дахь хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийг тойрогт ногдох мандатын тоогоор таслахад тухайн таслагаа дахь мандатад хуваарилагдах нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоо нь тэнцсэн тохиолдолд тэдгээр нэр дэвшигчдийг дахин санал хураалтад оруулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

48.6.Энэ хуулийн 48.4-т заасан дахин санал хураалтад хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тооноос хоёр дахин илүү тооны нэр дэвшигчийг оруулах бөгөөд сонгогч зөвхөн үлдсэн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө санал өгнө.

48.7.Тойргийн хороо нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналын тоог нам, эвсэл бүрээр нь нэгтгэж, санал хураалтын дүнг гаргана.

48.8.Тойргийн хороо санал хураалтын дүн болон сонгуулийн дүнг гурав хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хоёр хоногийн дотор хүргүүлнэ.

48.9.Тойргийн хороо энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгоно.

48.10.Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал тойргийн хороо санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Print