МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ
49 дүгээр зүйл. Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх

49.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тойргийн хороодоос ирүүлсэн сонгуулийн дүнг улсын хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна:

49.1.1.нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ““Б” жагсаалт” гэх/-ыг гаргах;

49.1.2.энэ хуулийн 49.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хэмжээгээр хуваан “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцох;

49.1.3.“Б” жагсаалтад орсон нам, эвслийн энэ хуулийн 49.1.2-т заасан саналын хувиудын нийлбэрийг 28-д хувааж нэг суудалд ногдох хувийг тооцох;

49.1.4.“Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн энэ хуулийн 49.1.2-т заасан саналын хувийг энэ хуулийн 49.1.3-т заасан нэг суудалд ногдох хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 28 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах;

Тайлбар: “Их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нам, эвслийн авсан саналын хувьд ногдох суудлын тоог бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгтэй нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу бутархай хэсэгтэй нам, эвслээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нэмж хуваарилах замаар бүх суудлыг хуваарилж дуусгахыг ойлгоно.

49.1.5.энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид ““В” жагсаалт” гэх/-ыг гаргах:

49.1.5.а.санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;

49.1.5.б.санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;

49.1.5.в.санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.

Тайлбар: Энэ хуулийн 48.5-д заасны дагуу дахин санал хураалтад орсон боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчийн “В” жагсаалт дахь өөрийн авсан саналын хувь нь анхны санал хураалтын саналын хувь байна.

49.1.6.тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт /цаашид ““Г” жагсаалт” гэх/-ыг нам, эвсэл бүрээр нь гаргах;

Тайлбар: “Г” жагсаалтыг гаргах явцад нэг нам, эвслээс нэр дэвшигчдийн саналын хувь тэнцсэн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчдийн тойрогт авсан саналын тоог үндэслэн дараалалд оруулах зарчмыг баримтална.

49.1.7.тухайн нам, эвслийн энэ хуулийн 49.1.6-д заасан “Г” жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд энэ хуулийн 49.1.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох.

49.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 49.1.7-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгоно.

49.3.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.

Print