МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСВИЙН БҮТЭЦ
25 дугаар зүйл. Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага

25.1.Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:

25.1.1.олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж;

25.1.2.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив.

25.2.Зөвхөн дор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:

25.2.1.эмнэлгийн үйлчилгээ;
25.2.2.бүх шатны боловсролын үйлчилгээ;
25.2.3.соёлын үйлчилгээ.

25.3.Төсвийн ерөнхийлөн захирагчийн авах тусламж, хандивын хэмжээ тухайн төсөвт байгууллагын батлагдсан төсвийн 50 хувиас хэтрэхгүй байна.

25.4.Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно:

25.4.1.санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;

25.4.2.байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.

25.5.Дараах тохиолдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн төсвийн байгууллага хандив, тусламж авахыг хориглоно:

25.5.1.хандив, тусламж өгсөн этгээд нь төсвийн байгууллагын хэрэгцээнд өөрийн барааг худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлдэг байх;

25.5.2.байгууллагын ажилтны энэ хуулийн 25.4.2-т зааснаас бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байх.

25.6.Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална.

25.7.Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.

25.8.Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.

25.9.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээд татвар ногдуулсны дараах ашгаас хандив, тусламж өгнө.

25.10.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно.

25.11.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хөгжлийн тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

25.12.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тусламжийн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

Print