МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
27 дугаар зүйл. Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага

27.1.Төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлага тавигдана:

27.1.1.төсвийн зарчмыг мөрдлөг болгох;

27.1.2.макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх;

27.1.3.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

27.1.4.жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх;

27.1.5.төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх;

27.1.6.төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх;

27.1.7.орлого, зарлагыг дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнах.

27.2.Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх жилийн төсвийн хязгаар нь дараах шаардлагыг хангасан байна:

27.2.1.төсвийн хязгаарыг урсгал болон хөрөнгийн зардлаар тогтоосон байх;

27.2.2.хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилан тусгах.

27.3.Улсын төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг тусгасан төсвийн удирдамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

27.4.Төсвийн удирдамжид дараах зүйлийг тусгана:

27.4.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо болон гаргасан шийдвэрийн тайлбар;

27.4.2.Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаар;

27.4.3.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх бодлогын удирдамж;

27.4.4.хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага;

27.4.5.төсвийн төслийн санхүүжилтийн хүсэлт гаргах ерөнхий нөхцөл;

27.4.6.төсвийн төсөл бэлтгэх тусгай маягт, түүний заавар;

27.4.7.төсвийн төсөл хүргүүлэх хугацаа.

27.5.Орон нутгийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг төсвийн удирдамжид тусган, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

Print