МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
28 дугаар зүйл. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт

28.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хамруулна.

28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

28.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг дараах зүйлийг харгалзан тогтооно:

28.3.1.улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого;
28.3.2.эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж;
28.3.3.нийгмийн ач холбогдол;
28.3.4.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл;
28.3.5.төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний стандарт;
28.3.6.салбарын хөгжлийн бодлого;
28.3.7.бүс нутгийн хөгжлийн бодлого;
28.3.8.орон нутгийн хөгжлийн хэрэгцээ;
28.3.9.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
28.3.10.болзошгүй өр төлбөр болон санхүүгийн бусад эрсдэлийн үнэлгээ.

28.4.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.1-28.3.8-д заасныг харгалзан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах 30.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөл, арга хэмжээнд техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийнэ.

28.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах төслийг энэ хуулийн 28.3.9, 28.3.10-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулна.

28.6.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэхэд үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон нөхцөлд зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийнэ.

28.7.Энэ хуулийн 28.4, 28.6-д заасан судалгаа, тооцоо нь дараах төсөл, арга хэмжээнд хамаарахгүй:

28.7.1.үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон төсөл, арга хэмжээ;

28.7.2.байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх төсөл, арга хэмжээ.

28.8.Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно.

28.9.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотголын төслийг Засгийн газарт хүргүүлнэ.

28.10.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээ хамаарна.

28.11.Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үр дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

Print