МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
29 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын төсөвлөлт

29.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шинээр болон үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүнчлэн энэ хуулийн 28.1-д зааснаас бусад, нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төслийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасны дагуу тус тус бэлтгэж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийн 8.4.3-т заасан хугацаанд ирүүлнэ.

29.2.Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргасан байна.

29.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг дараах байдлаар жилийн төсвийн төсөлд тусгана:
29.3.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хязгаарт багтаах;

29.3.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах;

29.3.3.нэг жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төслийг хөтөлбөр болон төсвийн ерөнхийлөн захирагчаар тооцож тусгах;

29.3.4.санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгах;

29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах.

29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.

29.5.Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэгэн адил мөрдөнө.

29.6.Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.6-д заасны дагуу тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана.

29.7.Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө.

29.8.Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Print