МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
32 дугаар зүйл. Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

32.1.Засгийн газар улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв болон Хүний хөгжил сангийн төсвийн төслийг энэ хуулийн 32.2-т заасан танилцуулгын хамт энэ хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

32.2.Төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгана:

32.2.1.макро эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, ирээдүйн чиг хандлагын төсөөлөл, тооцоо;

32.2.2.макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах талаар Засгийн газраас тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан байдал;

32.2.3.төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг тооцсон байдал;
32.2.4.төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ;
32.2.5.төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр, өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, дараагийн хоёр жилийн төсөөлөл;

32.2.6.хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, санхүүжилтийн эх үүсвэрээр/;

32.2.7.санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар;

32.2.8.гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, объект, үнийн дүнгээр/;

32.2.9.тусгай сангийн орлого, зарлагын тооцоо;
32.2.10.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөвт төлөх ногдол ашгийн хэмжээ;

32.2.11.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тэдгээртэй холбогдсон тайлбар, танилцуулга;

32.2.12.төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар;

32.2.13.төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй тохиолдолд түүний үндэслэл, санал;

32.2.14.нэгдсэн төсвийн орлого, зарлагын үзүүлэлтийн хураангуй тайлбар;

32.2.15.төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал;
32.2.16.төсөв алдагдалтай төлөвлөгдсөн бол уг алдагдлыг санхүүжүүлэх тухай санал;

32.2.17.Засгийн газрын өрийн үлдэгдэл, төслийн зээлийн дотоод эх үүсвэрийн хэмжээ, Засгийн газраас гаргасан баталгаа, түүний дүн;

32.2.18.нэгдсэн төсвийн орлогын нэг хувиас хэтэрсэн дүнтэй тэнцэх болзошгүй өр төлбөр, түүнээс учирч болзошгүй эрсдэлийн тооцоо;

32.2.19.концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түүний үндэслэл, тооцоо, Концессын тухай хуулийн 10.3-т заасан мэдээлэл;

32.2.20.төсвийн төсөлтэй холбогдуулан шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн төсөл.

Print