МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
36 дугаар зүйл. Төрийн сангийн тогтолцоо

36.1.Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэлийн төрийн сан, сум, дүүргийн төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид “төрийн сан” гэх/-оос бүрдэнэ.

36.2.Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна.

36.3.Сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон төсвийн хэмжээг нь харгалзан төрөлжүүлж, тэдгээрт хамаарах төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн алба байгуулж болно.

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх алба байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.

36.5.Энэ хуулийн 36.3-т заасан алба байгуулсан тохиолдолд төсвийн байгууллагад уг албатай давхардсан чиг үүрэг хэрэгжүүлэх орон тоо бий болгохыг хориглоно.

36.6.Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэлийн төрийн сан нь сум, дүүргийн төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ.

Print