МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
41 дүгээр зүйл. Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

41.1.Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.

41.2.Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:

41.2.1.хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх;

41.2.2.батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;
41.2.3.төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах;

41.2.4.төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах;
41.2.5.энэ хуулийн 37.1.8-д заасан эрхийн хүрээнд төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх;

41.2.6.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх;

41.2.7.хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах.

41.3.Төсвийн сар, улирлын хуваарийг төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн энэ хуулийн 11 дүгээр зүйл, 65.1, 66.1-д заасан эрх бүхий этгээд баталж, мөрдүүлнэ.

41.4.Төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсвэл төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горимыг энэ хуулийн 41.6-д заасан эрх бүхий этгээд тогтоож, төсвийн зарлагыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

41.4.1.төсвийн байгууллагад ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нь;

41.4.2.нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг доод хэмжээгээр нь;

41.4.3.Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгийг өмнөх оны түвшинд;

41.4.4.батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, дотоодын цэрэг, үндэсний аюулгүй байдлыг хангах, шүүх, прокурорын байгууллага, цагдаа, онцгой байдал, татвар, гааль, мэргэжлийн хяналт болон бусад төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг өмнөх оны түвшинд;

41.4.5.энэ хуулийн 41.4.4-т зааснаас бусад төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал төсвийг тэдгээрийн өмнөх оны урсгал төсвийн 50 хувиар;

41.4.6.Засгийн газрын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг уг зээлийн гэрээнд заасан хугацаа, төлбөрийн хэмжээг баримтлан.

41.5.Доод шатны төсөвт хамаарах үйл ажиллагааны энэ хуулийн 41.4-т заасан санхүүжилтийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор дээд шатны төсвөөс богино хугацааны зээл олгож болно.

41.6.Санхүүжилтийн түр горим, түүнийг хэрэгжүүлэх төсвийн сар улирлын хуваарийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоон, мөрдүүлнэ.

41.7.Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, өөрийн орлого, зарлагын хэмнэлт, тэдгээрийн зарцуулалт, гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах, олон нийт, байгууллагын хамт олонд нээлттэй байх шаардлага, нөхцөлийг тогтоосон журмыг Засгийн газар батална.

Print