МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
42 дугаар зүйл. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх

42.1.Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.

42.2.Төсвийн захирагч төсөвтөө дараах байдлаар зохицуулалт хийж болно:

42.2.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь:

42.2.1.а.өөрийн төсвийн багцад хамаарах хөтөлбөр хооронд;
42.2.1.б.түүнд шууд харьяалагдах төвлөрүүлэн захирагчдын төсөв хооронд;
42.2.1.в.төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;
42.2.1.г.түүнд шууд харьяалагдах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд.

42.2.2.төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд хамаарах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;

42.2.3.төсвийн шууд захирагч нь зөвхөн өөрийн урсгал зардалд.

42.3.Төсвийн шууд захирагчийн төсөвтөө зохицуулалт хийх асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:

42.3.1.төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийх саналаа харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.2.төсвийн төвлөрүүлэн захирагч нь саналаа харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.3.зохицуулалт хийх санал нь улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөвт хамаарахаар бол төсвийн ерөнхийлөн захирагч нь саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсөвт хамаарахаар бол саналаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тус тус хүргүүлэх;

42.3.4.энэ хуулийн 42.3.3-т заасан байгууллага, эсхүл албан тушаалтан нь энэ хуулийн 42.2-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг хянаж, зөвшөөрсний дагуу төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэх.

42.4.Энэ хуулийн 42.2-т заасан төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авна.

42.5.Энэ хуулийн 15.2-т заасан төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийн төсөвт зохицуулалт хийх асуудлыг өөрийн баталсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ.

42.6.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх хязгаар, нөхцөл, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42.7.Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.

Print