МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
44 дүгээр зүйл. Туслах үйл ажиллагаа

44.1.Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно:

44.1.1.төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн байх;

44.1.2.туслах үйл ажиллагаанаас алдагдал учирвал түүнийг нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх;

44.1.3.санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны талаар зохих ёсоор тусгасан байх;

44.1.4.байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх;

44.1.5.туслах үйл ажиллагаа эрхлэх нь тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүй байх.

44.2.Туслах үйл ажиллагааны зардалд тухайн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон шууд болон шууд бус бүх төрлийн зардал, өглөг, санхүүгийн үүргийг оруулж тооцно.

44.3.Үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно.

44.4.Туслах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг төсвийн жилийн дундуур авсан бол түүний төсвийг нэмэлт төсөв хэлбэрээр, бусад тохиолдолд тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

44.5.Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна:

44.5.1.тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах;

44.5.2.тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх;

44.5.3.тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

44.6.Үлдэгдэл ашгийг төсвийн жилийн эцэст тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

44.7.Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгийг энэ хуулийн 44.5.2, 44.5.3-т заасан зориулалтаар зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

Print