МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
45 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт

45.1.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно:

45.1.1.урсгал төсвөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ нь буурсны улмаас бий болсон үлдэгдлийг;

45.1.2.төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлын үр ашгийг нэмэгдүүлж, чанарыг бууруулахгүйгээр нэгжид ногдох өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг;

45.1.3.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр нэгжийн өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг.

45.2.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ:

45.2.1.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол;

45.2.2.төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.3.хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.4.төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл.

Print