МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
46 дугаар зүйл. Төсвийн урамшуулал

46.1.Төсвийн захирагчид туслах үйл ажиллагааны ашиг, төсвийн зарлагын хэмнэлт болон төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээний урамшууллыг төсвийн урамшуулал болгон тус тус олгож болно.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн тухайн шатны төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа жилийн төсвийн багцад тусган баталж, түүний шийдвэрээр олгоно.

46.3.Энэ хуулийн 46.1-д заасан урамшууллыг хэрхэн зарцуулах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, түүнийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд уг хурлын тэмдэглэл болон шийдвэрийн хувийг тухайн шатны төрийн санд хүргүүлэх ба түүнийг үндэслэн урамшууллыг зарцуулах эрхийг олгоно.

46.4.Төсвийн урамшууллыг энэ хуулийн 44.5-д заасан арга хэмжээ болон байгууллагын хамт олныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нийтлэг арга хэмжээнд зарцуулна.

46.5.Төсвийн урамшуулал олгох хувь, хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.6.Төсвийн урамшууллыг жилийн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурал, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлснээс хойш нэг сарын дотор тогтоож, олгоно.

Print