МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛТ
55 дугаар зүйл. Сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлан

55.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын Их Хуралд ирүүлнэ.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

55.3.Улсын Их Хурал энэ хуулийн 55.1-д заасан мэдээлэлтэй танилцсаны дараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэж, нийтэд мэдээлнэ.

55.4.Сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланд дараах мэдээллийг тусгасан байна:

55.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, үр дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан байдал;

55.4.2.ирэх дөрвөн жилийн макро эдийн засаг, төсвийн төлөв байдлын төсөөлөл;

55.4.3.Засгийн газрын өр, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өр ба хүүгийн төлбөрийн дүн;

55.4.4.Монгол Улсын төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдлийн нийт дүн, энэ нь төсвийн тогтвортой байдлыг хангаж байгаа эсэх болон дараагийн хоёр жилийн хугацаан дахь тухайн сангийн эх үүсвэрийн өөрчлөлтийн тухай үнэлгээ;

55.4.5.болзошгүй өр төлбөр;

55.4.6.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хүлээгдэж байгаа арга хэмжээ, түүнд төсвөөс гаргах зардлын хэмжээ, эх үүсвэр;

55.4.7.Засгийн газрын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан, хүлээгдэж байгаа Засгийн газрын өр төлбөр, баталгааны дүн;

55.4.8.сонгуулийн жилд Засгийн газраас гаргасан шийдвэр нь дараагийн жилүүдийн санхүү, төсвийн төлөв байдалд нөлөөлөх үзүүлэлт;

55.4.9.эдийн засаг, санхүү, төсвийн дунд хугацааны төсөөлөл нь Улсын Их Хурлаар батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, эсхүл тухайн жилийн төсөв, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа талаарх тайлбар.

55.5.Энэ хуулийн 55.4.5-55.4.8-д заасан мэдээлэл, түүний төсөвт үзүүлэх нөлөөллийг тоон илэрхийллээр харуулна.

Print