МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
56 дугаар зүйл. Төсвийн шатлал хоорондын харилцаа

56.1.Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дараах хэлбэрээр шилжүүлэг олгоно:

56.1.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг;

56.1.2.доод шатны төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

56.1.3.Засгийн газрын хэрэгжүүлэх зарим чиг үүргийг орон нутаг төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг.

56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

56.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг дараах зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй:

56.3.1.төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн;
56.3.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан;

56.3.3.тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтын нөхцөл, шаардлагыг зөрчсөн;

56.3.4.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандартыг мөрдөөгүйгээс нийт төсөв нь алдагдалтай гарсан;

56.3.5.орон нутгийн төсвийн тогтвортой байдал алдагдсан;
56.3.6.орон нутгийн төсвийг энэ хуулиар тогтоосон хугацаанд батлаагүй.

56.4.Орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандарт, тэдгээрийн орцын болон төсвийн нормативыг Засгийн газар тогтооно.

56.5.Энэ хуулийн 56.1.3-т заасан тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтад тавигдах нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 39.1, 39.2-т заасан гэрээгээр тусгайлан тогтоож, Засгийн газар хяналт тавина.

56.6.Энэ хуулийн 56.3-т заасан зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутгийн төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн харилцаанд оролцогчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутагт тогтворжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Print