МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
62 дугаар зүйл. Орон нутгийн хэрэгцээнд зориулж өр үүсгэх

62.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 41.5, 50.1.1-д заасан зориулалтаар улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэж болно.

62.2.Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 58.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг дөрөв хүртэлх жилийн хугацаатайгаар өр үүсгэн санхүүжүүлж болно.

62.3.Энэ хуулийн 62.2-т заасан өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс, төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас тус тус хэтрэхгүй.

62.4.Нийслэлийн төсөвт энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгохыг хориглоно:

62.4.1.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах нийслэлийн өмчийн эд хөрөнгө;

62.4.2.нийслэлийн төсвийн бүх орлого.

62.5.Энэ хуулийн 62.4.2-т заасан орлогод улсын төсвөөс олгосон тусгай зориулалтын шилжүүлэг нэгэн адил хамаарна.

62.6.Энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ нийслэлийн Засаг дарга дараах зүйлийг баримтална:

62.6.1.өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх;

62.6.2.өр үүсгэхдээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах;

62.6.3.өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах.

62.7.Нийслэлийн Засаг дарга зээлийн гэрээнд болон өр үүсгэх бусад аливаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Print